Токио 2020 олимпын наадмыг гадаадын үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл дотоодын үзэгчдийг цэнгэлдэхэд оруулах эсэхийг ирэх зургадугаар сарын дундуур шийдэх юм.
Японы хэвлэлд мэдээлсэнээр хэрэв дотоодын үзэгчдийг зөвшөөрөх юм бол тэднээс PCR шинжилгээний сөрөг хариу шаардах гэнэ. Үзэгчид үзэх тэмцээнээсээ долоо хоногийн өмнө шинжилгээнд орох ёстой. Тухайн тэмцээнийхээ тасалбарыг үзүүлээд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана. Олимпын үеэр өдөрт 400 мянган PCR шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байна. Харин вакцин хийлгэсэн үзэгчдийг шууд оруулна.
Мөн тэмцээн үзэж байхдаа хоол идэж, ундаа уухыг хориглоно. Спортын орднуудын үүдэнд халуун хэмжих бөгөөд бүгд амны хаалттай байх ёстой. Чанга дуугаар орилон багаа дэмжихийг хориглож магадлалтай гэнэ. Журам зөрчсөн тохиолдолд цэнгэлдэх хүрээлэнгээс гаргах эрхийг хамгаалалтын албаныханд олгох юм.