Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж өнгөрлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанд манай улсын тамирчид хүчээ сорьж, амжилт үзүүлжээ. Тодруулбал, 56 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Х.Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.
Мөн 60 кг-ын жинд “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар “Токио-2020” олимпийн эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч 5:0-ээр илт давуу ялалт байгуулсан байна.
Харин 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медаль хүртснээр манай финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ. Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор ялалт байгуулж, тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан болсон талаар Олимпын хорооноос мэдээллээ.