Энэ хичээлийн жилийн намрын улиралд 5028 суралцагч, хаврын улиралд 6635 суралцагчид мэргэжил харгалзахгүйгээр оюутны хөгжлийн зээл олгох шийдвэр гарчээ. Тус шийдвэрийн хүрээнд зээлийн хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулж, санхүүжилтийг бүрэн олгосон талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд мэдээлжээ. Тэрээр "Энэ хаврын санхүүжилт тавдугаар сарын эхний долоо хоногт бүрэн шилжсэн. Харин МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, “Улаанбаатарын их сургууль”, “Ач” анагаах ухааны их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Дорнод их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн санхүүжилт 80 болон 20 хувиар хоёр тасалж шилжүүлсэн. Учир нь, 2021-2022 оны хаврын улиралд оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг цахимаар авах туршилтыг эдгээр сургууль дээр эхлүүлж, шинэ системээр баталгаажуулснаар санхүүжилт олгох үйл явц удааширсан. Өнөөдрийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт бүрэн шилжиж дууссан" гэжээ.
Харин ирэх хичээлийн жилд тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зээл олгох юм байна. Тодруулбал, 7.2 тэрбум төгрөгийн зээлийг 4200 орчим оюутанд олгохоор болжээ