Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Зүрх мартахгүй” төслийн шугамаар хөдөө орон нутагт ажиллаж буй Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан болон тэдний баг хамт олныг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.
Тэд Хэнтий аймагт ажиллах хугацаандаа нийтдээ зүрх судасны өвчлөлтэй 300 шахам хүнд үзлэг оношлогоо хийж, хагалгаанд орох шаардлагатай 70 гаран хүүхэд, 20 гаран хүнийг тогтоож, хуваарийг нь хүргээд байна. Мөн яаралтай хагалгаанд орох шаардлагатай 4 хүүхдийг ар гэрийнх нь хамт Улаанбаатар хот руу дагуулан явж, үнэ төлбөргүй мэс засал хийхээр боллоо. ОУ-ын түвшинд тухайн мэс засал багадаа 250 орчим сая төгрөгийн өртөгтэй байдаг ажээ. Талууд цаашид харилцан хамтарч ажиллах, орон нутгаас зүрхний эмчээ чадавхжуулах, үлдсэн 100 шахам хүний хагалгааны зардалд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх боломж нөхцөлийг судлах тал дээр санал солилцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат зүрхний мэс засалд орохоор Улаанбаатар хот руу зорчих гэж буй 4 хүүхдийн гэр бүлд авто машин гаргаж, замын зардал нэг сая төгрөгийг шийдвэрлэж өглөө. Зүрхний хагалгааг маргааш хийхээр болжээ.