Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг ээлж дараатай зохион байгуулж эхэлжээ.
Энэ сарын 2-нд улсын хэмжээнд байгуулсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын холболт, тусгал, нэгдсэн сүлжээнд холбосон байдал, ирц бүртгэлийн программын ажиллагааг туршсан байна. Туршилтын ажилд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох Ажлын хэсэг хяналт тавьсан юм.
Уг туршилтаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс өгсөн зааврын дагуу камерын нэгдсэн системийн туршилтыг 728 хэсэгт хийж, камерын тусгалыг сонгогчийн саналын нууцлалыг хангасан байдлаар суурилуулан, тусгалыг тохируулсан эсэхэд онцгойлон анхаарал хандуулсан бөгөөд сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг хангах ийм төрлийн туршилтыг нийт гурван удаа явуулж, ажиглагчдад танилцуулах ажлыг зохион байгуулах юм байна.