Сонгино хайрхан дүүргийн Захиалагчийн алба ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН газраас хийж гүйцэтгэж буй 10 мянган айлын уламжлалт нүхэн жорлонг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2021 оны дотор 200 айлд үнэ төлбөргүйгээр суурилуулж өгөхөөр төлөвлөсөн байна. Хөрсний бохирдол үүсгэхгүй нүхэн жорлонг хийх ажил СХД-ийн 35-р хороонд хийгдэж эхэллээ.
Улаанбаатар хотын хөрсний 80 орчим хувь бохирдсон гэсэн судалгаа байдаг. Нүхэн жорлонг соруулах аргаар шийдэж өгсөн нь хөрсний бохирдол үүсгэхгүй байх давуу талтай бөгөөд агаар цэвэр байх ач тустай. Гэр хорооллын дийлэнх айлуудын уламжлалт нүхэн жорлон нь 15-20 жил ашигласан мөн хашаандаа олон дахин буйр сэлгэсэн байдаг тул хөрс маш ихээр бохирдсон байдаг. Алслагдсан гэр хорооллын бүсэд төвийн шугам холбоход цаг хугацаа ихээхэн шаардлагатай учир хямд зардлаар эрүүл цэвэр амьдрах боломжийг иргэдэд олгож байгаа юм байна.
Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь өндөр нь 2м20 см байх бөгөөд агааржуулалтын хоолой болон муу ус асгах асуудлыг давхар шийдэж өгсөн байна. Жилдээ 1-2 удаа соруулж байх шаардлагатай гэлээ.
Уг төсөлд үнэ төлбөргүйгээр хамрагдсан иргэд өөрсдийн оршин сууж буй хашааны гадна доторх өнгө үзэмжид анхааран мод тарих, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж цэвэр цэмцгэр орчинд амьдраасай хэмээн тус ажлыг хийж гүйцэтгэж буй хамт олон хүсэж байгаа юм байна. Ариун цэврийн байгууламжийн төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа хорооныхоо ажилтанд хандах шаардлагатай юм.