Дэлхийд хэмжээнд Коронавирусийн цар тахлын улмаас хүмүүс амиа алдаж, их хэмжээний хохирол амссан Тиймээс Хятад улс АНУ болон дэлхийн бусад орнуудад 10 их наяд доллар төлөх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хэлжээ.
"Хятад төлөх ёстой гэж бид дэлхий нийтээрээ хэлэх хэрэгтэй. Бүх улс орон нэгдээд Хятадаас 10 их наяд долларын нөхөн төлбөр нэхэмжлэх хэрэгтэй. Мэдээж энэ бол хамгийн доод хэмжээ" хэмээн Трамп Умард Каролинад болсон Бүгд найрамдахчуудын чуулганы үеэр хэлсэн байна.
Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа нэг бус удаа Хятадын эрх баригчдыг Ковид-19-ийн халдвар тараасан хэмээн буруутгаж, "хятад вирус" хэмээн нэрлэж байв.
Тавдугаар сарын сүүлээр шинэ Ерөнхийлөгч Жо Байден тагнуулын албанд Ковид-19-ийн гарал үүслийг тогтоох үүрэг өгчээ. Тэрбээр вирус Хятадын лабораториос гарсан байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлээд байсан юм.
"Одоо бүгд, бүр дайснууд гэж нэрлэгдэх хүмүүс ч, коронавирус Уханийн лабораториос гаралтай гэж ярьж байсан Ерөнхийлөгч Трампын зөв байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж Трамп хэлсэн байна.
Ерөнхийлөгч Байдены эрүүл мэндийн салбарын гол зөвлөх Энтони Фаучи өмнө нь уг вирус амьтнаас хүнд халдсан байх магадлалтай гэж хэлж байсан бол сүүлийн үед Ковид-19-ийн гарал үүсэл байгалийнх гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлэх болжээ.
Эх сурвалж: ВВС