ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиад цар тахлын улмаас өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 19-22-ны хооронд цахимаар зохион байгуулагдсан. Тус олимпиадад 28 улсын 34 хотоос 280 орчим сурагч оролцжээ. Манай улсаас “Орчлон”, 1-р дунд сургуулийн сурагчид хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж, өнөөдөр шагналаа гардан авлаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Тэрбээр мөн “Сурагчдаа олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргасан багш нар болон эцэг, эхчүүдэд талархал илэрхийлье. Олон улсын олимпиадад амжилт гаргаснаар хүүхдүүд дэлхийн томоохон сургуулиудад суралцах боломж нээгдэж байгаа юм. Манай улс байгалийн шинжлэх ухааны суурь боловсролыг сурагчдадаа маш сайн олгодог. Олон улсын тэмцээн, уралдаан, олимпиадад амжилт гаргаж байгаа багш, сурагчидтай бид тусгайлан уулзана. Олимпиад, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай зүйлээр байнга дэмжиж ажиллана” хэмээн ярилаа.
Олимпиад англи хэлээр болсон бөгөөд сурагчид анх удаагаа оролцсон байна. “Орчлон” сургуулийн багш С.Хүрэлбаатар “2020 оны арванхоёрдугаар сард олон улсын олимпиадын зарыг харж, хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд сурагчдаа бэлтгэж эхэлсэн. Бүх материалаа англи хэл дээр бэлтгэж, онлайнаар хүргүүлсэн юм. Олимпиадад оролцоход хүндрэлтэй зүйл байгаагүй. Хими, физик, мэдээлэл зүйн олимпиадыг олон улсын хорооны гишүүд маш өндөр түвшинд зохион байгуулж, нууцлал өндөртэй Canvas программаар явуулсан учир сурагчид өгөгдсөн хугацаанд даалгавраа амжиж хийх нь чухал байсан” гэлээ.
Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиадаас “Орчлон” сургуулийн 11А ангийн сурагч О.Тэмүжин мөнгөн медаль, 12А ангийн сурагч О.Ундрал хүрэл медаль, 10Д ангийн сурагч Л.Оргилболд хүрэл медаль, нийслэлийн 1-р дунд сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртжээ. Манай улсын хувьд жил бүр зургаан сурагчийг олон улсын олимпиадад бэлтгэдэг байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их сургуулийн багш нар шигшээ багийн сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж ирсэн. Энэ удаагийн олимпиадад манай улсын баг багаараа гуравдугаар байр эзэлсэн байна.
“Орчлон” олон улсын сургуулийн 12А ангийн сурагч О.Ундрал “Олон улсын онлайн олимпиадад анх удаагаа оролцож, хүрэл медаль хүртлээ. Техникийн асуудалд анхаарахгүй бол алдаа гаргах магадлалтай байсан. Олимпиадад оролцох үед хичээл онлайнаар явагдаж байсан учир хүндрэлтэй зүйл байгаагүй. Багш нар маань их сургуульд орох бэлтгэлээ ханга гэдэг байсан. Би өмнө нь 9, 10 дугаар ангидаа математикийн улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Би программ зохиодог хүн болно” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭ