Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ жил тохионо. Үндэсний их баяр наадмын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх тухай хуулийн төслийг үндэсний спортын холбогдох холбоод нь боловсруулсан хэдий ч хэзээ УИХ-аар хэлэлцэх нь тодорхойгүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас хуулийн төслийг хэзээ УИХ-аар хэлэлцэх талаар тодруулахад “Долдугаар сарын 1-н гэхэд хаврын чуулган хаана . Түүнээс өмнө хэлэлцэж батлахаар болсон” гэв.
Монголын үндэсний бөхийн холбоо, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн болон бөх сонирхогчдын зүгээс дараах хэд хэдэн онцлох заалтуудыг өргөн бариад байна.
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам
- 2.3. Үндэсний их баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.
6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг
- 6.1. Баяр наадам зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга тус тус олгоно.
- 6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг олгоно.
7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
- 7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга;
- 7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын даян аварга;
- 7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга;
- 7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл улсын дархан аварга цол олгоно.
- 7.4. Аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
- 7.4.1. Аймгийн баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
- 7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.
- 7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
- 7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харъяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.
- 7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
- 7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтонуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлнэ.
- 14 дүгээр зүйл.Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
- 14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч, бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно.
Харин Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс хурдан морины уралдаантай холбоотой хэд хэдэн хуулийн заалтыг боловсруулжээ. Тодруулбал, морийг бүртгэлжүүлэх, уралдах морьдыг генетикийн түвшинд бүртгэлжүүлэх, баяр наадмаар монгол зургаан насны морьд уралдах, морьдыг үүлдвэрлэг байдлаар нь ялгах, унаач хүүхдүүдийг бүтэн жилээр нь даатгалд хамруулах гэх зэрэг заалтуудыг боловсруулжээ.