Түүний намтараас товч дурдвал: Өмнөд Солонгосын Сөүл хотод айлын ууган хүү болон мэндэлсэн. Эцэг, эх хоёр дүүгийн хамт Инчон хотод амьдардаг. Тэрбээр анх дунд сургуульд байхдаа анимейшн клубт элсэн орж, энтертайнментийн салбарыг сонирхож эхэлсэн. Тус клубийн хийж буй ажлууд анхаарлыг нь ихэд татдаг болсноор найз нөхдөө дагаж, сургуулийнхаа дараа болон чөлөөт цагаараа жүжигчний академид сурч эхэлсэн нь түүнийг Сөүлийн урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр элсэхэд хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн цэргийн албанд ч татагдан амжилттай хаасан байна.
Тэрбээр их сургуульд сурч байх хугацаандаа сонгосон мэргэжилдээ эргэлзэж, жүжигчин болох нь үнэхээр зөв, үгүйд анхаарлаа хандуулж байсан. Учир нь жүжиглэх чадвар сайтай хүмүүсээр хүрээлэгдсэн байсан тул энэ нь түүний сэтгэлийг зовооход хүргэдэг байв. Гэсэн ч тэр бэрхшээлтэйгээ нүүр тулан амжилтад хүрч чадсан юм.