“Би Эйч Пи” групп 4.65 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийж, 9000 ажлын байр бий болгосон Сөүт Фланкийн төмрийн хүдрийн уурхайгаас төмрийн хүдрийн анхны нийлүүлэлтээ хийлээ. Жилд 80 сая тонн олборлох хүчин чадалтай Австралийн 50 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том уурхай болж буй тус ордыг ашиглаж эхэлснээр “Би Эйч Пи” компанийн “Олборлолтын С бүс”-ийн нийт хүчин чадал жилийн 145 сая тонн хүрч дэлхий дээрх төмрийн хүдрийн олборлолтын хамгийн том зангилаа төв нь болж байна. “Төслийг товлосон хугацаанд, төсөвлөсөн хөрөнгөнд багтаан дуусгаж чадсанаар “Би Эйч Пи”-гийн Баруун Австрали дахь төмрийн хүдэр олборлолтыг нэн даруй нэмэгдүүлэх боломж бүрдэж байна” гэж тус группийн Австралийн эрдэс баялаг хариуцсан ерөнхийлөгч Эдгар Басто мэдэгджээ. Сөүт Фланкийн өндөр чанарын төмрийн хүдэр нь Баруун Австралийн төмрийн хүдрийн дундаж агууламжийг 61 хувиас 62 хувь болгож нэмэгдүүлж байгаа бөгөөд тус улсын нийт олборлолтын 25 хувийг тус муж хийдэг байсан нь 30-33 хувь болж нэмэгдэж байгаа аж. “Уг төсөл бүтээн байгуулалтын шатандаа 9000 гаруй шууд болон дам ажлын байр үүсгэсэн бол үүнээс цааш ашиглалтын хугацаанд 600 гаруй ажлын байрыг тогтмол хадгална” гэж Эдгар Басто ярьжээ. Тэрээр мөн уг уурхай нь 25 жил ашиглагдах бөгөөд өндөр агууламжтай төмрийн хүдэр нь “Би Эйч Пи”-гийн харилцагчдад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. "Сөүт Фланк төсөл нь манай засгийн газрын ажлын байр бий болгох, олон улсын зах зээл, бизнесийн хөгжлийн чиг хандлагын давуу талыг ашиглахын тулд аж үйлдвэртэй хамтарч ажиллах амлалтдаа хүрч буй нэг хэлбэр юм" гэж Баруун Австралийн Ерөнхий сайд МакГован хэлжээ. “Мянга мянган ажлын байр бий болгож байгаагаараа энэ том төсөл ашигт малтмалын салбар манай улсын эдийн засагт яагаад чухал болохыг дахин харууллаа. Австралийн хагас зууны хамгийн том төмрийн хүдрийн төслийг байгуулж байгаа нь энэ салбарын ирээдүйд оруулж буй том хувь нэмэр төдийгүй Австрали улсад урт хугацаанд үр өгөөжөө өгөх юм” гэж Холбооны Засгийн газрын байгалийн баялаг, усны сайд Кэйт Питт ярьжээ.