АНУ-д дундаж орлоготой иргэн жилд дунджаар 10%, хамгийн ихдээ 37%-ийн татвар төлдөг. Тэгвэл та бидний зурагтаар л хардаг тэрбумтнууд хэдэн хувийн татвар төлдөг гэж бодож байна вэ? 2018 онд гэхэд л Элон Маск ямар ч татвар төлөөгүй гэвэл та итгэх үү? Тодруулбал… АНУ-ын хамгийн баян 400 хүний хөрөнгө 1991 онд $288 тэрбум байсан бол 2021 онд $3.2 их наяд болж нэмэгджээ. Гэвч тэдний төлдөг татвар өчүүхэн. 2014-2018 оны хугацаанд АНУ-ын хамгийн баян 25 эрхэм $13.6 тэрбумыг татварт төлжээ. Нийт хөрөнгийн өсөлттэй нь харьцуулаад харвал 3.4%-ийн л татвар төлсөн гэсэн үг. Жефф Безосын хөрөнгө гэхэд л энэ хугацаанд бүхэл бүтэн $99 тэрбумаар нэмэгдэхэд ердөө $973 саяыг (0.98%) татварт төлсөн аж.
Учир нь гэвэл… Тэрбумтнууд орлогынхоо дийлэнх хэсгийг хувьцаа, ногдол ашиг, үл хөдлөх гэх мэт бага татвар төлдөг хөрөнгөөс бүрдүүлдэг. Цаашлаад хандив тусламж өгсөн байдал, хөрөнгө нь буурч, алдагдалтай ажилласан зэрэг нь нэмэр болно. Мөн хэдий хөрөнгийн үнэлгээ нь өсөөд байгаа ч хөрөнгөө худалдахаас нааш татвар төлөхгүй тул бага татвар төлөөд байгаа юм. Эцэст нь... баячуудын бага татвар төлж буй нь хуулийн дагуу л явагдаж буй процесс юм. Харин улс төрчид татварын системээ сайжруулах, татварын хувийг нэмэгдүүлэх байр сууриа илэрхийлсээр байна.