Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны 11 цаг 40 минутад байхаар тогтоож, УИХ тогтоол баталсан билээ.
Мөн Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг УИХ тогтооно” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай УИХ-ын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцууллаа. Тэрээр, УИХ-ын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлд уг журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг журамд зарим өөрчлөлт оруулах саналаа Төрийн ёслолын хэлтсээс Ажлын хэсэгт ирүүлсэн. Энэ үндсэн дээр журамд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн" гэлээ.
Уг журамд "Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдэгдэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж Ерөнхийлөгч УИХ-д тангараг өргөнө” хэмээн заажээ.
Түүнчлэн тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлэхээр тусгасан байна. Энэхүү тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.