Apple-ийн эрүүл мэндийн салбарт хийх ажил нь Apple Watch дээр цусны хүчилтөрөгчийн мониторыг харуулахаас илүү гүнзгийрч эхэлжээ. Wall Street Journal-ийн шинэ тайланд дурдсанаар эдгээр жижиг төрлийн ажлууд нь цоо шинэ түвшинд очиж, нүсэр мега төрлийн төсөл болон хувирсан байна.
Apple компани өөрийн анхны эмнэлэгийг байгуулж, өндөр техник технологитой тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, чадвартай эмч нарыг ажиллуулахаар болж байгаа гэнэ. Энэ бол зөвхөн цаасан дээрх санаа биш ба Apple уг төлөвлөгөөндөө зориулан тусгай шинжээчдийн баг бүрдүүлж, ажилчдадаа чиглэсэн клиник эмнэлгүүдийг түр ажиллуулах замаар туршиж үзсэн байна.
Энэ санаагаа аль эрт буюу Apple Watch дээр төвлөрч түүний хөгжүүлэлтийг хийж байх үедээ л удирдлагууд нь энэ талаар бодож төлөвлөсөн байсан гэж Bloomberg-ийн саяхны гаргасан нийтлэлд дурьдагдсан байна.
Цаашилбал The Wall Street сэтгүүлд “HealthHabit” нэртэй эрүүл мэндийн аппликейшнийг Apple олон нийтээс нууцалсан байдалтай буюу энгийн иргэдэд мэдэгдэлгүй гаргасан. Энэ апп нь 2021 оны эхээр гарсан ба зөвхөн дотоод ажилчиддаа хэрэглүүлж туршилт хийсэн” гэсэн мэдээлэлтэй нийтлэл мөн тавигдсан ажээ.
Apple-ийн төлөөлөгч энэ мэдээлэлд хариу өгөхдөө "Энэхүү тайланд дурдсан олон мэдээлэл нь бүрэн бус, хоцрогдсон, буруу нотолгоонд үндэслэсэн байсан" гэжээ.
Эх сурвалж: Mashable.com