Сар орчим хугацааны дараа Токио хотод эхлэх зуны олимпын наадамд оролцохоор очсон гадаадын төлөөлөгчдөөс эхний хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Тодруулбал Африк тивийн Уганда улсын багийн нэг гишүүнээс Японд ирснийх нь дараа коронавирусийн халдвар илэрсэн байна.
Тэрбээр эх орондоо байхдаа AstraZeneca вакцины хос тунг тариулсан, ирэхээсээ өмнө шинжлүүлэхэд сөрөг хариу гарсан хүн байжээ.
Халдвартай хүнийг тусгаарлаж, бусад төлөөлөгчдийг Осака хот руу явуулсан тухай албаныхан мэдээлсэн байна.
Японд ирсэн гадаадын тамирчид, төлөөлөгчдөөс халдвар илрээгүй бол тусгаарлахгүй шууд нэвтрүүлэх ч өдөр бүр шинжилгээ авах юм.
Ням гарагт Токио 2020 олимпын наадмыг зохион байгуулагчид спортын уралдаан тэмцээн болох газруудад нэвтрэх дотоодын үзэгчдийн тоог 10,000-аар буюу нийт суудлын багтаамжийн 50 хувиар хязгаарлах шийдвэр гаргаад байгаа.
Наадмыг зохион байгуулагч Япон улсын хувьд хүн амынх нь ердөө 6.4 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.
Цар тахлын аюулаас сэргийлэх үүднээс Токио 2020 наадмыг хойшлуулах, эсвэл цуцлах санал Японы олон нийтийн дунд дийлэнх байсан ч засгийн газар нь зохион байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Washington Post