Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв” байгууллаа.
Тус төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн газруудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө.
Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын явц, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгааг шалгалаа. Дүүргийн дөрвөн байршилд явуулын амбулатори ажиллаж байна. 16-17 насны 300 орчим хүүхэд вакцинд хамрагдсан. Эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамаарч хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр эмнэлгийн ачаалал эрс буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд танилцууллаа.
“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч, ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” гэж Шадар сайд хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.