УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ажилласан жил харгалзахгүйгээр амралтын өдрийг 20 хоног болгосныг зөв гэж бодохгүй байна. Яагаад гэвэл хуучин бол амралт 15 хоногоос эхэлдэг, таван жил тутамд гурван хоног нэмж олгодог. Энэ бол судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр.
Ямар үндэслэлээр ийм өөрчлөлт хийж байгаа вэ. Уурхайчид 28 хоног ажиллаад 10-14 хоног амардаг нь үнэхээр сөрөг байсан. Үүнийг 14 хоногийн амралт, 14 хоногийн ажлын өдөр болгосон ажлын хэсгийнхний маш зөв шийдвэр.
Мөн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?" хэмээн асуув.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Жилийн ээлжийн амралтын хугацааг ажлын 15 хоног буцаагаад болгоё гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өнгөрсөн ажлын хэсгийн хурал дээр гаргасан.
Өнөөдөр энэ асуудлаар санал хураана. Ажлын хэсэг үүнийг дэмжихэд бэлэн. Гэхдээ санал нь Ц.Сандаг-Очир гишүүнээс орж ирнэ. 14 хоног ажиллаад 14 хоног амардаг тогтолцоонд уртын ээлжийнхэн энэ хуулиар шилжинэ. Гэхдээ тодотгол оруулж өгсөн. 14-өөс доош хоног ажиллахаар бол ажиллаж байгаа өдөртэйгөө тэнцсэн өдөр амрах зохицуулалтыг мөн хуульд нэмж тусгасан.
Хуулийн төслийн долдугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд бэлгийн дарамтыг хориглоно гэж оруулсан. Дарамт гэдгийг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах, хүчирхийлэл гэдэг нь зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх юм зэргээр тодорхойлолтуудыг хуульчилж өгсөн" гэв.
Ажилласан жил харгалзахгүй амралтын өдрийг 20 хоног болгохгүй, хуучин буюу 15 хоногоор үлдээх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 100 хувь нь дэмжив.