Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулж, УИХ-ын чуулган Төрийн ордны Их танхимд хуралдаж, 68 гишүүн оролцов.
Их танхимд хүн хоорондын зай барьж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байлаа.
Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, тамга гардсаныхаа дараа үг хэллээ.
Тэрбээр “Миний бие бүрэх эрхт бүтэн заяат туурга тусгаар улсынхаа Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шударгаар сахин биелүүлэх монгол төрийг тэргүүлэх үүрэг хүлээлээ. Намайг төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн, бурхны орноос харж байгаа аав, ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Хүний эрх эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлээ хичээн зүтгээрэй гэсэн үүрэг хариуцлага гэж хүлээж авч байна. Надтай өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монголчууд бид тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй. Шударга ёс тэгш эрхийн төлөө ямагт тэмцэж ирсэн. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол хүн байгалийн баялгаа тэгш хүртэх нь бас нэг зарчим. Монгол хүн бүр баялагтаа эзэн байхын төлөө төрийн бодлогыг чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг, ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг юм. Монгол хүний бичиг үсэг, нүүдлийн соёл гээд ундран оргилдог баялаг маш их бий. Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм. Ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмний эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэх болно.
Өнөөдөр та бидний өмнө амаргүй цар тахал тулгараад байна. Хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байна. Цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сахин биелүүлэхийг уриалж байна. Төрийн цэргийн цол, нийгмийн асуудлыг сайжруулахын төлөө анхаарч ажиллах болно” гэв.