Н.БАЯРМӨНХ: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАРААШНУУДЫГ БУУЛГАЖ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛОН АВТО ЗОГСООЛ БАЙГУУЛНА
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүргийн газрын алба дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй олон жил болсон гараашуудыг буулгахаар болсон. Өнөөдрийн байдлаар нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан 1100 гаруй гарааш байна. Үүнээс ач холбогдлоор нь эрэмбэлж энэ ондоо багтааж 100-200 гаруй гараашыг нурааж, шинээр ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 6,25-р хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
“Зөвшөөрөлгүй гараашуудыг нураасны дараагаар тухайн бүсэд амьдарч буй иргэдийн санал хүсэлтийг сонсож байж ногоон байгууламж, тоглоомын талбай, зогсоол зэргээс сонголт хийлгэж бүтээн байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэд ч өөрсдийн амьдарч буй орчиндоо тав тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ” гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.