Сангийн сайд Б.Жавхлангийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тул эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 20-нд хийлгэсэн байна.
Сайд Б.Жавхлан “Эмч нар хэвт гэсэн тул өөрөө хүсэлт тавьж ХӨСҮТ-д хэвтлээ, Эмчлүүлэхийн зэрэгцээ эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг мэдэрье гэж бодлоо. Миний хувьд одоогийн байдлаар хөнгөн, амт үнэр мэдэрч, биеийн халуун хэвийн байна. 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил цахимаар саадгүй явж байна.
Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тус салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Манай улс вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.
Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.
Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн байв.