Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 2100 км замыг туулахаар явган гүйж буй ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр 29 дэх өдрөө гүйн, Төв аймгийн Эрдэнэ-сант сумын орчимд иржээ. Түүний биеийн байдал тун сайн байгааг хэлж байна. Тэрээр мэргэжлийн гүйлтийн тамирчин биш. Гэсэн ч зэвсэгт хүчний 123-р ангийнхаа 100 жилийн ой, ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж ийнхүү гүйхээр шийджээ. Тэрээр өдөрт 50 км замыг туулж байна. Эхнэр М.Мөнхзаяа нь хамт явж байгаа бөгөөд түүний тогооч хийж байгаа гэнэ. Тэрээр "Эхнэрийнхээ хоолыг идээд, санаа зовох юмгүй амар байна. Харин гурван хүүхдээ санаж байна" гэсэн юм.