Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон МХЕГ-аас эмийн сан, шатахуун, Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаа, Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаа, Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Хаяг шошго болон Зөгийн балны үйлдвэр, лифт, Тендерийн гомдол зэрэгт хяналт шалгалт хийжээ.
Тус шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
- Тендерийн гомдол
2021 оны эхний хагас жилийн байдлаар 170 орчим тендерийн гомдлыг хүлээн авч шалгасны 45 хувь нь хууль дүрэм зөрчсөн байжээ. АХБ-ны санхүүжилтээр яамд дээр хэрэгжиж байгаа худалдан авах ажиллагааны талаар гомдлууд мөн ирсэн байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 24 гомдол ирсний 14 нь хууль зөрчсөн дүгнэлт гарчээ.
- Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаа
Дөрөвдүгээр сарын 7-ноос Хятад руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
- Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаа
“Хүчит шонхор” худалдааны төвд шалгалт хийсэн. Мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг гадаргуунаас санамсаргүй түүврийн аргаар дээж авч шинжилсэн. Ийнхүү 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч "Enterоbacter spp" болон "E coli" нян илэрсэн. Нян илэрсэн лангуу эрхлэгчдийг 100 мянган төгрөгөөр торгосон. Мөн үйл ажиллагааг нь түр хугацаагаар хязгаарласан.
- Эмийн сангийн хяналт шалгалт
Вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн худалдан борлуулж буй үйл ажиллагаа, үнэд хяналт шалгалт хийсэн. Эмийн нөөцийн болон үнийг тогтоож, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн Ковид19-ийн эсрэг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэж, Эрүүл мэндийн даатгалаар олгодог байх саналыг холбогдох газар хүргүүлсэн.
- Шатахууны хяналт шалгалт
Хэрэглэгчийн гомдол, мэдээллийн дагуу Петростар шатахуун түгээх станцад хийсэн шалгалтаар механик хольц илэрсэн. Энэ нь савны цэвэрлэгээ, үйлчилгээ муутай байгаатай холбоотой гэсэн дүгнэлтийг МХГ-аас гаргаж ажиллаж байна.
- Үнэт цаасны зах зээлд хийгдсэн хяналт шалгалт
Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбараар дамжуулан ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа иргэдийн ашиг хүртэхтэй холбоотой бичиг баримтыг шалгасан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2021 оны байдлаар 29061 иргэний мөнгө байршиж байна.