Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 88.1 хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2523 аж ахуйн нэгж, иргэнээс “Хариуцлагын гэрээ” байгуулсан 1011 аж ахуйн нэгж, иргэний ресторан, кафе, кафе шоп, түргэн хоолны газар, сүлжээ хоолны газар, цайны газруудын гэрээний хэрэгжилт, цагийн хязгаарын мөрдөлтөд байнгын хяналт тавин ажиллаж байна.
Хотын дарга үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж, ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл энэ чиглэлээрх ажил хэвийн үргэлжилж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ. Барилга угсралтын ажил нь зогссон сургууль, цэцэрлэг, тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулж, сургууль, цэцэрлэгийн гадна орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах ажлын явц, гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, жагсаалт гаргаж, зарим газрын талаар шүүхэд хандахаар болсон гэнэ. Мөн нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд олон улсын байгууллагатай уулзаж, ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэлэв.
Зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19”-ийн цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавихыг даалгалаа. Бороо их орсны улмаас авто болон явган хүний замд ус ихээр тогтож, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа. Иймээс зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг үүрэг болгов. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгав.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС