Эмч, эмнэлгийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүдэх шаардлагатай гэх асуудлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төв талбайд суулт хийж байгаа эмнэлгийг ажилтнууд мэдээлэл хийлээ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, урамшуулал олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийнхөө болоод гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг золиослон ажиллаж байгаа.
Хэрэв онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байна.
Тиймээс зургаадугаар сарын 30-нд хүргүүлсэн саналыг УИХ-аар нэн даруй дараалал харгалзахгүй хэлэлцэхийг шаардаж өнөөдрийн хурлыг хийж байгаа юм.
Мөн вакцинжуулалтад ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулал дүүргүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн төвийн дансанд ЭМД-ын сангаас орчихсон байхад Хан-Уул дүүргээс бусад газарт энэ урамшууллыг олгоогүй байна гэсэн мэдээлэл авсан" гэлээ. .
Цалингаа хоёр дахин нэмүүлэхээр тэмцэж буй эмнэлгийн алба хаагчид мөн мэдээлэд хийлээ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан Ковид19-ийн халдвар аваад байна.
Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй.
Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна.