Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад найм хонож байна. Ийнхүү цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж буй эмч, ажилтнуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр уулзаж, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд, МАН-ын гишүүдтэй гурван талт хэлэлцээр хийх тухай мэдээлсэн.
Улмаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо болон Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа.
Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусгана. Бид нэг салбарынхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна" гэж цахим хуудастаа бичсэн байна.