Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
2021 оны 7-р сарын 17-нд орон нутгийн халдварын тоо өдөрт 1300 бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ хэмээн ХӨСҮТ-өөс тооцоо судалгаа гаргасан. Тиймээс УОК-оос иргэдийг хот орчмын амралтын газруудад үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр нь НЗДТГ-тай хариуцлагыг гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 0-18 насны 27480 хүүхэд өвчлөөд байгаа ба нийт тохиолдлын тоо 27 хувийг эзэлж байна. Тиймээс аялж байгаа гэр бүлээс түүврийн аргаар 5-аас дээш насны хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэр бүлээрээ болон найз нөхдийн хүрээнд буюу аяллын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Аяллаар явж байгаа иргэд суурин газраар орохгүй. Харин шатахуун, хүнс, эмийн сан, эмнэлгийн тусламж, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах тохиолдолд л орж болно. Наймдугаар сард дэлхий дахинд делтавирус 80 гаруй хувийг хамрах тооцоо судалгаа гарсан ба энэ нь өмнөхөөсөө илүү хүндээр нөлөөлдөг, тэр дундаа вакцин хийлгээгүй бол хүнд тусдаг.
Замын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтныг чөлөөлж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм. Мөн хурлаар тус боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг хийх, чөлөөт бүсийг энэ зун нээх чиглэл өгсөн.
Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцлээ. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорих эсэхийг тогтооно гэж шийдвэрлэсэн.
Иргэд тэр дундаа нийслэлчүүд 5-аас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, /вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/, 5-аас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.