Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө
Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг сонсов. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30,299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Эдгээрээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдах юм. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Түүнчлэн зуны улиралтай холбогдуулан иргэдийн хөдөө, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан:
- Импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Боомтууд хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах;
- Аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй. Зөвхөн Улсын онцгой комисстой зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох;
- Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, зөвхөн жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэх;
- Бүрэн вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих боломжтой, гэр бүлээрээ явж байгаа бол таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах;
- Үйлчилгээний байгууллагуудыг ээлж дараатай нээх эсэхийг Нийслэлийн онцгой комисс урьдын адил хариуцах, ингэхдээ 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зэрэгт анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд чиглэл болгов.
Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв. Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:
- Экспорт, импорт нэмэгдэнэ;
- Үйлдвэрүүд хөгжинө;
- Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно;
- Шууд ажлын байр бий болно;
- Бүтээн байгуулалт нэмэгдэнэ;
- Аялал жуулчлал хөгжинө;
- Тэргүүний техник, технологи нутагшина;
- Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ;
- Худалдааг хөнгөвчилнө;
- Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.