Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд ажиллахгүй байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн ба өдөр ажлын өдрүүдэд 12:00-13.30, 16-18, орой 20-23 цагуудад ажиллуулах юм байна. Харин амралтын өдрүүдэд нэг долоо хоногт нь бямба гарагт, дараа нь нямд гэх мэтчилэн хоёр амралтын өдрүүдэд ээлжилж ажиллуулах юм.
Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл. Мөн ус зөөж санг дүүргэдэг нь ч ташаа мэдээлэл, тэдгээр усны машинууд нь ногоон байгууламжийг усалдаг бол усан оргилуурын усан хангамжийг төвийн шугамд холбож ажиллуулдаг" гэлээ.