Pfizer/BioNTech компаниуд вакциныхаа коронавирусийн Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тунг гаргахаар бэлдэж байгааг өчигдөр зарлажээ.
Хэдхэн сарын өмнө Энэтхэгт анх илэрсэн Дельта хувилбар нь халдварлах чадвар хамгийн өндөртэй вируст тооцогдож байгаа. Уг хувилбар өнөөдөр дэлхийн олон оронд тархаж, вакцинжуулалтын хувь өндөр улс орнуудад ч өвчлөлийг нэмэгдүүлж байна.
Pfizer/BioNTech компаниуд вакциныхаа Дельта хувилбарын эсрэг үйлчилгээтэй гурав дахь тунг бүртгүүлэх хүсэлтийг ойрын үед АНУ, Европ болон бусад улс орнуудын засгийн газарт гаргахаар болжээ.
Туршилтын эхний үр дүнгээс харвал гурав дахь тун нь коронавирусийн анхны хувилбар болон Бета хувилбараас (Өмнөд Африкаас гаралтай) хамгаалах чадварыг эхний хоёр тунтай харьцуулахад 5-10 дахин өсгөж байгаа гэнэ.
Дельта хувилбарын эсрэг хамгаалалт мөн ийм түвшинд хүрэх төлөвтэй байгааг мэдээлжээ.
Гэхдээ вакцины гурав дахь тун хэрэгтэй эсэх асуудал маргаантай хэвээр байна. Тухайлбал АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газраас саяхан гаргасан мэдэгдэлд “Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад одоогоор нэмэлт тун хэрэггүй гэж үзэж байна” гэжээ.
Дельта хувилбараас хамгаалахад бүрэн вакцинжуулалт чухал болохыг Пүрэв гарагт Nature сэтгүүлд нийтлэгдсэн Францын Пастерын хүрээлэнгийн эрдэмтдийн туршилтын үр дүн харуулсан юм.
Лабораторид явуулсан туршилтаар Pfizer болон AstraZeneca вакцины эхний тунг тариулсан хүмүүсийн биед Дельта хувилбараас хамгаалах эсрэг биет маш бага хэмжээтэй үүсч байжээ. Харин хоёр дахь тунг тариулсны дараа Дельта хувилбараас хамгаалахад хангалттай хэмжээний эсрэг биет үүссэн байна.
Мөн вакцинжуулалтад хамрагдаагүй, коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүсийн бие дэх Дельта хувилбарын эсрэг биетийн хэмжээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсийнхээс дөрөв дахин бага байгааг Францын эрдэмтэд тогтоожээ.
Коронавирусийн Дельта хувилбараас хамгаалагдахад өвчилж үүссэн байгалийн дархлаа хангалттай биш, бүрэн вакцинжуулалт зайлшгүй шаардагатай гэж эрдэмтэд эндээс дүгнэсэн байна.
Эх сурвалж: AFP