Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Энэ хаврын чуулганаар баталсан чухал хуулиудын нэг бол Өршөөлийн тухай хууль байв. Өмнө нь Өршөөлийн тухай хуулийг баталж байсан. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан нэг удаагийн Өршөөлийн хуулийг баталсан.
Авлига албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насанд хүрсэн, хүчингийн хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөхгүй. Мөн өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан хүнийг Өршөөлийн хуульд дахин хамруулахгүй зэрэг зарчмыг баримталсан. Өршөөлийн хуулийг батлагдсанаар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг хөнгөрүүлсэн.
Мөн Өршөөлийн хуулийг зарим хүмүүс шүүмжилдэг. Гэхдээ төр уян хатан хандах, төрийн энэрэнгүй зарчмын үүднээс хандаж Өршөөлийн тухай хуулийг баталсан гэдгийг онцолмоор байна.
Их хурлаар хэлэлцэж эхэлсэн одоогоор хараахан шийдэгдээгүй байгаа нь Монгол Улсын шүүхийг хараат бус болгох үйл явц. Үндсэн хуулийн дүгнэлттэй холбогдуулан энэ ажиллагаа маань тодорхой хэмжээгээр хойшилж байгаа.
Хаврын чуулганаар шийдсэн том асуудлуудын нэг нь томилгооны сонсгол хийж томилдог болсон. Тухайлбал Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгоог олон нийтэд нээлттэй анх удаа томилсон юм. Халаасны дарга нарыг гэнэтхэн томилдог жишгийг халж, томилгооны сонсголыг анх удаа хийлээ.