Хүчтэй аадар бороо орсноос Хятадын төв хэсэгт их үер бууж, хүмүүсийн орон гэр урсаж, зам тээврийн үйл ажиллагаа доголджээ. Хэнань мужид л гэхэд 10 мянга гаруй хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ. Үер эхэлснээс хойш Жэнжоу хотод багадаа 12 хүн нас барсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Нийт 10 гаруй хотод гол замууд хаагдаж, нислэгүүд цуцлагджээ. 94 сая орчим хүн амьдардаг Хэнань муж үерийн улмаас хамгийн их хохирол амсаад байна. Тус мужийн Луянг хотын аварга далан хүчтэй салхины улмаас нурж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн бүс нутагт цэргүүдийг байрлуулжээ.
Харин Жөнжөү хотод сүүлийн гурван хоногт орсон бороо бүтэн нэг жилийн хугацаанд ордог хур тунадасны хэмжээтэй ижил байгааг цаг уурчид мэдээлсэн байна. Аадар бороо тус бүс нутагт дахин дор хаяж ойрын 24 цагийн турш үргэлжлэх төлөвтэй байна.