Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх хоёр шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгуулжээ.
Мөн ХӨСҮТ-өөс тархвар судлаач хоёр эмчийг эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа аж. Түүнчлэн ПСР шинжилгээний явуулын таван баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа юм.
Ханбогд сумын Хайрхан багийн төвд 06:00 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн таван чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.