“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын мөнгөөрөө байгуулсан бие хамгаалах тулааны урлагийн Жюү Жицү клубээ “Өнөр бүл” төвд нээлээ.
Б.Баттөр өөрийн шагнал болох 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан билээ. Тэрбээр өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Жюү жицү Холбооны дэмжлэгтэйгээр Жюү Жицү бэлтгэлийн танхим, иж бүрэн тоноглол, хувцас хэрэгслийн хамт хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд хүлээлгэн өгөв.
Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс “Миний төсөөлж байгаагүй хурдан хугацаанд энэхүү төв нээгдэж байгаад баяртай байна. Хоёр сарын өмнө Жюү Жицү-гийн холбоо МУБИС-тай хамтран бид хүүхдэд зориулсан спортын төвүүдийг байгуулж эхэлсэн.
Учир нь хүүхэд спортоор хичээллэснээр өөртөө итгэлтэй болох, багаар ажиллах зэрэг олон ур чадварыг олж авдаг. Би 16, 18 настай хоёр охинтой. Хоёр охин маань дөрвөн настайгаас бие хамгаалах тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Үүний адил монгол охидууд бие хамгаалах урлагаар хичээллэх гээд сууж байгаад баяртай байна. Энд байгаа хүүхдүүдийг бие хамгаалах урлагаар хичээллээд өөртөө итгэлтэй хүн болоосой гэж хүсэж байна.
Б.Баттөр хоёр сарын өмнө “Ододтой бүжиглэе” шоунд ороод түрүүлсэн өдрөө шагналын сангаа НҮБ-ын хүүхдийн санд хандивлана гэдгээ олон нийтэд мэдээлэхэд маш их баярласан. Тиймээс бид эхэлсэн байсан энэхүү төслөө санал болгож, өнөөдөр хамтдаа үр дүнг нь үзээд зогсож байна. Бидний хийсэн ажил нь хүүхдүүдийн одоо болон ирээдүйд оруулж буй том хувь нэмэр юм.
“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр“ Олимпын нээлттэй давхцаж нээлтээ хийж байгаа учир нь хүүхэд бол бидний ирээдүй. Энэ заалнаас ирээдүйн олимпын аварга төрөх болтугай гэж бэлэгшээж байгаа юм” хэмээн хэллээ. Тэрбээр клубийн нээлтэд ирсэн хүүхдүүдэд хандаж “Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Миний хувьд гэр бүлийн асуудлаар ганцаараа туулж өнгөрүүлэх хэрэгтэй болсон олон зүйл бий. Тийм ч учраас би та бүхнийг хамгийн сайн ойлгож, тусалдаг хүн байж чадна” гэв.