Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн асуудал болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа ажээ
Хурлаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60 хувь нь Ковид19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Гэхдээ дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдсэн Дельта хувилбар манай улсад бүртгэгдсэн болохыг ЭМЯ-наас танилцуулсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаас 10 их наяадын цогц төлөвлөгөөний талаар танилцуулдаг. 10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 280 мянган ажлын байрыг хадгалж чадсан талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн Газрын тогтоолыг өнөөдөр баталсан.
Түүнчлэн Замын-Үүд дэхь боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор засгийн газраас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа” гэлээ.
Мөн тэрбээр вакцины гурав дахь тунгийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тодруулбал, “Засгийн Газрын хуралдаанаас гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа. Гэхдээ ДЭМБ-аас гурав дахь тунг тарихыг зөвлөөгүй байгаа. Учир нь зарим улс орон вакцины нэг, хоёрдугаар тунг ч тариагүй байхад гуравдахь тун хийх тухай ярих нь зохимжгүй гэж зөвлөсөн. Гэсэн хэдий ч туршилтаар гуравдахь тун хийж байгаа улс орнууд бий. Манай улсын хувьд наймдугаар сардаа багтаж зорилтот бүлгийн иргэдэд гуравдахь тунгийн вакциныг хийнэ гэсэн төлөвлөгөөгөө ЭМЯ-наас танилцуулсан. Гэхдээ Засгийн Газар болон УОК эцэслэн шийдээгүй байна" гэлээ.