Өнөөдрийн боксын тэмцээний үеээр нэгэн сонирхолтой үйл явдал болжээ.
Мароккагийн хүнд жингийн боксчин Юнесс Баала шөвгийн наймд шалгарч Шинэ Зеландын боксчин Дэвид Ньиктай тулалдсан. Эхний хоёр үеийн тулаан ямар нэгэн асуудалгүй нэгэн хэвийн үргэлжилж байсан ч Мароккагийн боксчинд тулаан “уйтгартай” санагдав уу гэлтэй эцэж цуцахыг мэдэхгүй байсан өрсөлдөгчөө “сорих”-оор шийдсэн байна. Тэрбээр Шинэ Зеландын тамирчны чихийг хазах гэж оролджээ.
Шинэ Зеландын тамирчин “хазалт”-аас нь бултаж чаджээ. Рингний шүүгчээр Шири-Ланкийн шүүгч Нелка Тамп хазах гэж завдсан үйлдлийг нь анзаараагүй болохоор тулааныг цааш үргэлжлүүлсэн байна.
Ингээд хоёр боксчны тулаан 5:0-ийн харьцаатайгаар Шинэ Зеландын боксчны ялалтаар өндөрлөсөн юм. Спортын ёс зүйд үл нийцсэн үйлдэл гаргасан тул Мароккагийн боксчинд шийтгэл ногдуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Чихийг нь хазахаар завдсан дүрс бичлэг камерын дуранд буун үлджээ.
(Эх сурвалж: sport24.ru)