Ойрын өдрүүдэд цахим сүлжээгээр “Барс” худалдааны төвийн гадна талбайд дотоодод тарьж ургуулсан хүнсний ногооны худалдаа эрхэлдэг худалдаачдыг цагдаа нар хөөж, торгож байгаа асуудал гарсан. Ер нь жил бүрийн намар ургац хураалтын энэ үеэр тариаланчдад тарьсан ногоогоо зарж борлуулах тал дээр маргаан дагуулсан асуудал байнга үүсдэг. Энэ асуудлыг сурвалжлахаар барс захыг зорилоо.
Барс захыг түшиглэж худалдаагаа эрхэлдэг эдгээр хүмүүс, зогсох талбайн төлбөр төлдөг боловч тэр төлбөр хувь хүний халаасруу ордгоор зогсохгүй цагдаа нар ирж хөөж, торгох явдал жил бүр гардаг гэлээ. Эдгээр хүмүүст ажиллах зориулалтын байр, сууц байвал төлөх ёстой татвар, түрээсээ төлөөд худалдаа үйлчилгээгээ улирал харгалзахгүй хийх боломжтойгоо илэрхийлсэн юм. Ингэснээр иргэд ч дотоодын ургацын ногоог хямд төсөр үнээр хүнсэндээ хэрэглэх боломж үүсэх аж. Дотооддоо бүх төрлийн ногоог тарьж чадаж байна. Үүнийг нь дэмжээд Монгол ногоо зарж байгаа худалдаа эрхлэгчдийг ажлын байраар дэмжих хэрэгтэй байна.