Цар тахлын улмаас кино театрууд хаагдаж, өргөн дэлгэцээр кино үзэх боломжгүй болсон. Харин “Galaxy Car Cinema” ХХК хамт олон өөрийн машин дотроос хүссэн киногоо өргөн дэлгэцээр үзэх боломжийг нээж, долдугаар сарын 28-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийсэн. Гэвч нэг л өдөр ажиллаад ЦЕГ-ын шаардлагаар уг үйл ажиллагаа хаагдав. Нэг удаагийн үзвэрт 50 машин орох боломжтой. Мөн машин дотор 4с дээш хүн байж болохгүй, дугуй, мотоциклтой хүмүүсийг оруулах боломжгүй гэсэн журмыг баримтлан үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч иргэд гадаа талбайд бөөгнөрөл үүсгэсэн нь цар тахлын аюулгүй байдлын үед эрсдэлийг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр уг үйл ажиллагаа хаагдахад хүрсэн байна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, соёлтой бөгөөд хүндэтгэлтэй хандсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Дэлхийн ихэнх улс оронд “Гадаад талбайн үзвэр” байдаг. Эх орны хөгжил дэвшилд энэ үзвэр ч бас түлхэц болж өгөх юм. Тиймээс аливаа зүйлд тогтвортой тайван хандаж соёлтой үйлчлүүлж, үйлчилгээний журмыг баримтлах нь иргэд бидний дэмжиж байгаа дэмжлэг болох биз ээ.