Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийх нь хүсэлтээр чөлөөлж Н.Мандуулыг томиллоо.
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллажээ.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан байна. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Тэрбээр хамгийн сүүлд “Century” төслийн хүрээнд Чингис, Гэрэгэ бондуудын эргэн төлөлтийн хугацааг сунгах, хүүг бууруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч банкуудтай хийх хэлэлцээрийг удирдан ажиллажээ.