Засгийн газраас Замын-Үүд боомтын ачаа бараа эргэлтийг сайжруулах, БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрсөн чингэлгийг татан авах чиглэлээр гадаад харилцааны шугамаар холбогдох арга хэмжээ авах, наймдугаар сард багтаан БНХАУ-ын талд үүссэн олон улсын ачаа тээвэртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг албаны хүмүүст даалгажээ.
Шадар сайд С.Амарсайхан дээрх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ "Эрээний талд ачаа илгээгч хэсэг бүлэг хүмүүс бий, манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг бий. Энэ хүмүүс хоорондоо үгсэн тохирч үнийн хөөрөгдлийг бий болгодог. Орон нутгийн хэмжээнд, хил, гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг хөөрөгддөг зохион байгуулалттай асуудал байна. Энэ асуудлыг хоёр талаасаа хууль хяналтын байгууллагууд, орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагууд хамтран шийдвэрлэж, ямар нэгэн байдлаар албан тарифаас өөр тарифгүй, дундын зуучлалгүй болгохоор ажиллаж байна. Ингэж хоёр талаасаа хяналт тавьж ачаа барааны үнийн хий хоосон хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэх ажил хийнэ. Энэ хүрээнд тээврийн байгууллага, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагаагаа жигдрүүлэх ёстой. Богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол Засгийн газар тээврийн компаниудыг хараад суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой тээврийн хэрэгслүүдийг гаргаж хэвийн горимд ортол нь татан авалт хийнэ" гэсэн юм.