Японы өмнөд Окинава аралд оршдог 500 жилийн настай шилтгээн өнгөрсөн шөнийн 3:00 цагийн орчмоос шатаж эхэлжээ
Шури гэгддэг энэ байгууламж 1400-аад оны үед буюу Рюкюгийн хаант улсын үед байгуулагдсан бөгөөд Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй юм
Шилтгээний гол барилгад гарсан түймэр удалгүй бусад байгууламжуудад тархсан байна. Галын шалтгаан тодорхойгүй, унтраах ажил үргэлжилж байгаа ажээ.
Аравдугаар сарын 27-ноос эхлэн Шури шилтгээнд жуулчдад зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж эхэлсэн гэнэ. Өнгөрсөн шөнийн 1:00 цаг хүртэл ийм арга хэмжээ үргэлжилсэн юм байна. Гэхдээ галын шалтгаан уг үйл явдалтай холбоотой эсэх нь тодорхой биш байна.
Энэхүү байгууламж дэлхийн хоёрдугаар дайны үед нэлээд хэмжээгээр сүйдсэн бөгөөд шинэчилж, сэргээсний дараа 1992 онд дахин нээж байжээ. Шури шилтгээн Рюкюгийн хаант улсын үед хамаарах бусад байгууламжуудын хамтаар 2000 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм байна.