Улаанбаатар хотод, Их тэнгэрийн амаас зүүн тийш хоёр км зайтай байрлах “Туул гарден”-д “UB in the Sky” агаарын дүүжин ресторан нээгджээ. Тус ресторан нь кранаар өргөгдсөн байх бөгөөд 45 метрийн өндөрт байрладаг аж.
Нэг удаадаа 18, нэг өдөрт 200 орчим хүн хүлээн авах чадалтай бөгөөд ирсэн зочдоос гадна 4-5 хүн ажилладаг байна. Рестораны гол хэсэгт тогооч, зөөгч, комедиан, аюулгүй албаны ажилтан ажиллаж, зочдыг хамгаалалтын бэхэлгээтэй суудалд суулгаж, хотын нөхцөл байдлыг агаар дээрээс тольдонгоо тансаг зэрэглэлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Тус ресторанаар нэг цаг үйлчлүүлэх нэг хүний төлбөр нь 200 мянган төгрөг. Үүнд, амьд хөгжим эсвэл комедиан сонголтоор, европ хоол, зууш, дессерт, уух зүйлс багтжээ. Үүнээс хойш цаг сунгах тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг байна.