0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах эцгийн хүсэлтийг хүлээн авч байна. Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 7-ны 199 дүгээр тогтоолоор Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдээд байна.
0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг та дараах нөхцөл, шалгуурыг хангаж байвал Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргана уу. Үүнд:
1. Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
2. Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх.
3. Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
4. Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх.
Дээрх шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгах ба иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай. Дээрх асуудлаар сум, хорооны халамжийн мэргэжилтэндээ хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.