Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Улсын начин Э.Энхбат өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа юм.
Түүний гэргий Б.Нандинцэцэг "Шүд зуугаад аль болох сайн сайхан зүйл бодоод өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэж байсан аз жаргалтай амьдралаа үгүйлж байна. Түвшинбаярт ханийн минь эмчилгээний зардлыг цаг тухайд нь хурдан төлөхийг дамжуулаад хэлээд өгөөрэй. Намайг Viber хаягаараа блоклосон бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байгаа" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Хэрэг шалгалтын талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас "Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна" гэж мэдээлсэн.