УИХ-аас баталсан хуулийн дагуу сурагчдын үдийн цайг үе шаттайгаар үдийн хоол болгохоор болсон. Үүний дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-нээс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-нээс 1800 төгрөг байхаар тогтоожээ.
Мөн цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхааруулжээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байсан юм.