1981 онд буюу одоогоос 40 жилийн өмнө Их Британий угсаа залгамжлагч хунтайж Чарльз болон гүнж Диана нарын хурим болж байлаа. Уг хуримын бялууны нэг хэрчим өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирснийг өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр дуудлага худалдаагаар зарсан байна. Их Британий язгууртнуудын сүлд тэмдгээр чимэглэсэн уг бялуу анхны дуудсан үнээсээ гурав дахин өндөр үнээр буюу $2500 зарагдсан байна.
Бялууг авахын төлөө Их Британи, АНУ, Ойрх Дорнодын орнуудаас олон хүн өрсөлдсөнийг зохион байгуулагчид нь мэдээлжээ.
Эцэст нь умард Английн Лидс хотын оршин суугч Гэрри Лэйтон бялууг өөрийн болгосон байна. Тэрээр хэвлэлд өгсөн яриандаа “Би үргэлж хаант засаглалыг дэмжигч байсан. Одоо уг бялууг яаж идчихгүй хадгалах талаараа бодож байна” гэж хошигнон ярьжээ.