Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас газар олгох цахим системийн талаар мэдээлэл өглөө.
Тус газрын орлогч дарга М.Буяндэлгэр "Энэ онд 80 мянга орчим иргэнд шинээр 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөсөн ч одоогийн байдлаар 3,000 орчим иргэн л газар аваад байна. Энэ нь иргэд манай цахим системийн талаар мэдээлэлгүй, ашиглахгүй байгаатай холбоотой гэж харж байгаа.
Иргэд egazar.gov.mn сайтад хандаж энэ онд болон ирэх онд хаана, ямар газар олгохоор төлөвлөгөөнд тусгагдсаныг харах боломжтой. Улсын хэмжээнд бүх аймаг, сум, дүүрэг, хороонд тухайн онд ямар хэмжээтэй газрыг олгохоор төлөвлөгдсөнийг үзэж танилцаж болно. Мөн тухайн газрыг өмчлөх, эзэмших ямар хэлбэрээр олгох мэдээлэл иргэдэд нээлттэй байгаа.
Зөвхөн иргэд бус ААН-д аялал жуулчлал, үйлдвэрлэлийн зориулалтаар олгох газрын мэдээлэл бас энэ системд багтсан.
Цахим систем дээр олгогдоогүй хэмээн тэмдэглэгдсэн газрыг авахаар газрын албанд хандахад иргэн Танд шийдвэрлэж өгөхгүй байгаа бол тухайн мэргэжилтнийг шалгуулах боломжтой.
Газраа олохдоо цахим системийг ашиглаад өргөдлөө өөрийн биеэр харьяа дүүргийн газрын албанд гаргана. Өргөдлийг цахимаар авах ажлыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа. Учир нь мэдээлэлд ойр хэн нэгэн хүн олон газар эзэмших болоод байна. Нэг хүн улс даяар 28 газар эзэмшиж байгаа тохиолдол ч бий. Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг удаа газар өмчилнө гэж заасан ч эзэмших тоонд хязгаар байхгүй. Тиймээс зарим иргэн олон газар эзэмшиж аваад газрын наймаа хийгээд байдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж эзэмших эрхийг мөн нэг болгон хязгаарлах төлөвлөлт хийгээд явж байна. Тиймээс хуульд өөрчлөлт ортол өргөдлийг зөвхөн иргэн өөрийн биеэр өгөх зохицуулалт хийсэн" гэдгийг хэллээ.