Токио 2020 олимпын наадмын софтболын төрөлд Японы баг АНУ-ын багийг ялж, алтан медаль зүүсэн билээ.
Япон улсын Нагояа хотын дарга Такаши Кавамура наймдугаар сарын 4-ний өдөр алтан медальт тамирчдад баяр хүргэхээр очих үеэрээ өөрийн хотын харьяат Миу Готогийн алтан медалийг гуйж авч, өөрийнхөө хүзүүнд зүүсний дараа хазаж үзсэн байна.
Тэрээр өчигдөр буюу наймдугаар сарын 12-нд Кавамура энэхүү үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан юм. “Тамирчны үнэ цэнэтэй хөрөнгө болох алтан медалийг нь гэмтээсэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж Нагояа хотын дарга мэдэгдэлдээ өгүүлжээ.
Тэрбээр медаль гэмтээгүй ч шинэ медалиар сольж өгөх зардлыг гаргах санал тавьсан байна.
Олимпийн тамирчид медалиа хазаж зургаа авахуулдаг уламжлалтай. Харин өөр хүнд ингэх эрх байдаггүй.
Зарим тамирчид хүртэл энэ үйлдлийг шүүмжилж байв. Тухайлбал жүдогийн алтан медальт Наохиса Такато “Хэрвээ миний медалийг ингэж хазсан бол би уйлах байсан. Би алтан медальдаа зураас гаргахаас хүртэл айдаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Бусдад хазуулсан хэдий ч медалиа хадгалах бодолтой байсан Миу Готод Олон Улсын Олимпийн Хороо шинээр сольж өгөх санал тавьсан байна. Гото ч медалиа солиулахыг зөвшөөрчээ.
Эх сурвалж: Associated Press