Улсын хэмжээнд хууль бусаар бэлтгэгдэж хураагдсан мод 2017-2018 онд 841.2 шоо.метр байсан бол 2019-2020 онд 695.2 шоо.метр болж 17.3%-аар буурчээ.
Мөн бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо 2017-2018 онд 626 байсан бол 2019-2020 онд 496 болж 20.8%-аар буурсан байна.
Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж, жилд дунджаар 720 мянган шоо метр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэн түлээний модны 75.3 хувь, хэрэглээний модны 24.7 хувийг хангаж байна.
Гэсэн хэдий ч 2015-2019 оны байдлаар нийслэлийн хэмжээнд бэлтгэсэн түлээний модны хэмжээ өсөх хандлагатай байгаа аж. 2020 онд төслийн хүрээнд хийгдсэн зарим судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн иргэдийн түлээний модны эрэлт нь 2019 оноос түүхий нүүрс түлэхийг хорьж, шахмал түлш түлэх болсонтой холбоотойгоор 30-40% нэмэгдсэн байна. Түлээний модны нийлүүлэлтийг зөвшөөрөлтэй бэлтгэсэн модоор нэмэгдүүлэх, түлээ борлуулах цэгүүдийг бүртгэлжүүлж, хянаснаар хууль бусаар түлээ түүх, борлуулах явдлыг зогсооход чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар