Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
УОК-ын 25 дугаар хурлаар гадаа талбайд үзэгчгүйгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгсөн.
Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд НОК-ын хурлаар хэлэлцэж, “Хариуцлагын гэрээ” байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн юм.
Өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлийн дагуу 12 үүрэг, даалгавар өгсөн байна.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов.