ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцэж, санал солилцсон юм.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 онд нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталснаар Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд 3.0 сая, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлгийн төслийг 6.5 сая еврод хэрэгжүүлэхээр тус тус баталсан юм. Дашрамд дурдахад БНПУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагын 16 алба хаагч тус улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа юм.